activities.title
Түүхэн товчоо /Танилцуулга/
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн тухай
Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь боловсролын салбарын чанарын баталгаажуулалт, боловсролын сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд дүгнэлт гаргах үйл ажиллагааг 28 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор анх Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг байгуулж, “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг баталсан.
Гэгээрлийн сайдын 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх үүрэг бүхий Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (ДБМИҮЗ)-ийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж магадлан итгэмжлэх үйл ажиллагааг эхлүүлсэн.
Засгийн газрын 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор Боловсролын магадлан итгэмжлэх зөвлөлийн статусыг “төрийн бус байгууллага” байхаар тогтоож, Засгийн газрын 2000 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг төр, олон нийтийн төлөөлөлтэйгээр шинэчлэн байгуулсан.
Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Боловсролын ерөнхий хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.13, 17.14, 17.15 дахь хэсэгт Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн чиг үүргийг тодорхой тусгасан болно.
Шинээр баталсан багц хуулийн хүрээнд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь боловсролын сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, чанарын баталгаажуулалтыг удирдлага, арга зүйгээр хангах, мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг эрхлэн хариуцах, магадлан итгэмжлэл хийх эрхийг дотоодын байгууллагад олгох, гадаадын хуулийн этгээд магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл олгох, гадаад улсын болон олон улсын эрх бүхий байгууллагатай хамтран магадлан итгэмжлэл хийх, олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг баталгаажуулах, бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд боловсролын зэрэг, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх судалгаа, үнэлгээ хийх, баталгаажуулах чиг үүргүүд нэмэгдсэн.
Ирэх он жилүүд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хувьд боловсролын байгууллага, хөтөлбөрийн чанарт өөрчлөлт, шинэчлэл авчирсан, мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг цогц байдлаар батлуулж хэрэгжүүлсэн, Үндэсний мэдээллийн төвийн үйл ажиллагаа тогтворжсон, тогтвортой өсөлттэй байж боловсролын салбарт шинэчлэл, эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна.
Он цагийн түүх
- 1995
Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 06 дугаар сарын 13-нд баталсан Боловсролын тухай багц хуульд анх удаа боловсролын магадлан итгэмжлэлийн эрх зүйн үндсийг тусгасан байна. Энэ нь магадлан итгэмжлэх байгууллага үүсэн бүрэлдэх эрх зүйн суурь болсон.
- 1997
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг баталсан.
- 1998
Гэгээрлийн сайдын 1998 оны 24 дүгээр тушаалаар Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг байгуулж, магадлан итгэмжлэх үйл ажиллагааны үндсэн баримт бичгүүд батлагдсан. 1998 оны 10 дугаар сард Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ажлын алба байгуулагдсан.
- 1999
ДБСБ-ыг магадлан итгэмжлэх баримт бичгүүд батлагдсан. Их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэлд хамруулах ажил эрчимтэй явагдаж анхны сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн.
- 1999
Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ (INQAAHE)-нд гишүүнээр элссэн.
- 2001
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх бэлтгэл ажлыг эхлүүлэн “Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл” сэдвээр анхны сургалт-семинарыг зохион байгуулсан.
- 2002
Боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн баримт бичгүүд батлагдсан. Анхны 6 мэргэжлийн зөвлөл байгуулагдсан.
- 2003
Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 276 тоот тогтоолоор “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм” шинэчлэн батлагдсан.
- 2004
ДБСБ-ын 2 дахь удаагийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эхэлсэн. БСШУ-ны сайдын 2004 оны 59 тоот тушаалаар ДБМИҮЗ-ийг БМИҮЗ болгон өөрчилсөн.
- 2004
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг магадлан итгэмжлэх баримт бичгүүд батлагдсан.
- 2004
Ази-Номхон далайн орнуудын чанарын сүлжээ (APQN)-нд гишүүнээр элссэн.
- 2005
Монгол Улсын Засгийн газар Ази-Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн Техникийн боловсролын ажилтны коллеги (CPSC)-ийн жинхэнэ гишүүн болсон.
- 2007
Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх баримт бичгүүд шинэчлэн батлагдсан.
- 2009
Боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн баримт бичгүүд шинэчлэн батлагдсан.
- 2010
Чанарын аудит хийх үйл ажиллагаа эхэлсэн.
- 2011
Америкийн нэгдсэн улсын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
- 2012
АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэх зөвлөл (CHEA)-ийн Олон улсын чанарын групп (CIQG)-д гишүүнээр элссэн.
- 2013
Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд ABET-аар магадлан итгэмжлүүлэх анхны алхам хийгдсэн.
- 2014
БМИҮЗ-ийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн, Удирдах зөвлөлийг байгуулав. БМИҮЗ-ийн дүрэм, боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлав.
- 2015
Дээд боловсролын магадлан итгэмжлэх комисс, мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэх комиссыг тус тус байгуулав. Байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг шинэчлэн боловсруулж батлуулав.
- 2016
Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд магадлан итгэмжлэх байгууллагатай холбоотой нэмэлт өөрчлөлт оров.
- 2017
Хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийг зохион байгуулж эхлэв. ASIIN байгууллагатай хамтарсан туршилтын магадлан итгэмжлэл зохион байгуулав.
- 2018
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 281 дүгээр тогтоолоор “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм” шинэчлэгдэн батлагдав.
- 2019
Ази-Номхон далайн орнуудын чанарын сүлжээний /APQN/-ний Ази Номхон далайн орнуудын чанарын бүртгэлийн зөвлөл /APQR/-өөр хөндлөнгийн үнэлгээг амжилттай хийлгэж, олон улсын чанарын шаардлагыг хангасан байгууллагын гэрчилгээг хүлээн авав.
- 2019
ЕБС-уудыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг 5 сургууль дээр туршив.
- 2020
Ахисан түвшний хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага батлагдав.
- 2022
Тайванийн Дээд Боловсролын Үнэлгээ, Магадлан Итгэмжлэх Зөвлөл (HEEACT) байгууллагатай хамтын ажиллагааны гэрээг 5 жилийн хугацаатай шинэчлэн байгуулав.
- 2023
Шинээр батлагдсан Боловсролын багц хуулийн хүрээнд БМИҮЗ-ийн чиг үүрэг өргөжиж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн “Дүрэм, бүтэц батлах тухай” А/593 дугаар тушаалаар байгууллагын дүрмийг батлаж, орон тооны дээд хязгаарыг 36 байхаар тогтоосон.
- 2024
Монгол Улсын Их Хурлаас “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-ыг соёрхон батлав.
- 2024
Засгийн газрын 2024 оны 227 дугаар тогтоолоор “Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц” батлагдаж, БМИҮЗ хариуцан ажиллахаар болов.
- 2024
Дээд боловсролын сургалтын байгууллага, хөтөлбөрийн хамтарсан магадлан итгэмжлэл хийх журам батлагдав.
- 2025
ХБНГУ-ын Магадлан итгэмжлэл, гэрчилгээжүүлэлт, чанарын баталгаажуулалтын байгууллага (ACQUIN)-тай хамтран олон улсын шинжээчийн эрх дотоодод олгов.
- 2025
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-ын талуудын хоёрдугаар чуулганд Монгол улсаа төлөөлөн оролцов.
- 2025
Боловсролын сайдын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Тушаал, тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А/566 дугаар тушаалаар “Хамтын ажиллагаа, сургалт, судалгаа хариуцсан хэлтэс” байгуулж, орон тооны дээд хязгаарыг 44 байхаар тогтоов.
contact.title
contact.description
statistics.title
statistics.organizations
statistics.programs
statistics.exams
