Education banner

featuredCards.card1.title

Өнөөгийн байдал

Дэлхийн улс орнуудын боловсролын салбарын хөгжлийн өнөөгийн чиг хандлага нь чанарын баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэх замаар боловсролын чанар үр дүнг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байна.

Монгол Улсын Засгийн газар боловсролын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, сургалтын чанарын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын сургалт, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, нийгэмд үзүүлэх үйлчилгээний хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн үүрэг нэн чухал билээ.

Боловсролын магадлан итгэмжлэл

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь боловсролын байгууллага болон тэдгээрийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, шинээр нээх хөтөлбөрт чанарын баталгаажуулалт хийж, урьдчилсан дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохион байгуулна.

Магадлан итгэмжлэл

Боловсролын магадлан итгэмжлэх төв байгууллагаас тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг ханган биелүүлсэн сургалтын байгууллага, хөтөлбөр, шинэ хөтөлбөрийн өөрийн үнэлгээнд тулгуурлан бие даасан хараат бус шинжээчид хөндлөнгийн үнэлгээ хийж, ахиц дэвшлийг дэмжин мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрч чанарын баталгаажуулалт хийх үйл ажиллагаа юм.

Боловсролын ерөнхий хуулийн 3.1.20-д “чанарын баталгаажуулалт“ гэж боловсрол, сургалтын чанарыг хууль тогтоомжид заасан шаардлага, чанарын шалгуур, стандартад нийцсэн эсэхийг үнэлж дүгнэх, сайжруулах, үр дүнг баталгаажуулах үйл явцыг;

3.1.22-д “магадлан итгэмжлэл“ гэж боловсролын сургалтын байгууллага, хөтөлбөрийн чанар нь эрх бүхий байгууллагаас тогтоосон шалгуурыг хангаж байгаа эсэхэд мэргэжлийн, хараат бус үнэлгээ хийж, ахиц дэвшлийг мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөх үйл явцыг; гэж заасан байдаг.

Магадлан итгэмжлэл нь бүх шатандаа оролцогч болон сонирхогч талуудад тэгш, шударга, нээлттэй, ил тод, хариуцлагатай, үр өгөөжтэй, чанарын өсөлттэй байх зарчимд тулгуурлана.

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа

Боловсролын байгууллагын магадлан итгэмжлэл, боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, шинээр нээх сургалтын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл гэсэн үндсэн 3 хэлбэрээр явагдана.

Байгууллагын магадлан итгэмжлэл

Тухайн боловсролын байгууллага Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл

Тухайн боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

Урьдчилсан магадлан итгэмжлэл

Тухайн боловсролын байгууллагын шинээр нээх сургалтын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

Сургууль, хөтөлбөр нь боловсролын чанар, үр дүнгээ баталгаажуулах зорилгоор 5 жил тутамд магадлан итгэмжлэгдэх ба магадлан итгэмжлэл нь дараах үе шаттай хэрэгжинэ. Үүнд:

  1. Өөрийн үнэлгээ хийх
  2. Хөндлөнгийн үнэлгээ хийх
  3. Магадлан итгэмжлэх эсэхийг шийдвэрлэх
  4. Магадлан итгэмжлэлийн дараах үйл ажиллагаа

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь боловсролын сургалтын байгууллага, хөтөлбөр, хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтооход дүгнэлт гаргах, хөтөлбөрийн магадлан итгэмжлэх байгууллагыг бүртгэх, аргазүйн удирдлагаар хангах, гадаадын магадлан итгэмжлэх байгууллагыг бүртгэж, зөвшөөрөл олгох, магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам, шалгуур шаардлагыг боловсруулж мөрдүүлэх, чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, магадлан итгэмжлэгдсэн боловсролын сургалтын байгууллага хөтөлбөрийн ахиц дэвшилд чанарын үнэлгээ хийх, эрдэм шинжилгээ судалгааны ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг томоохон чиг үүргүүдийн хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний чанарын баталгаажуулалтын байгууллага юм. Мөн Боловсролын ерөнхий хуулийн 35.10-д “Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаад улсын хөтөлбөрийг магадлан итгэмжилнэ“ гэж заасны дагуу гадаад улсын хөтөлбөртэй төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн магадлан итгэмжлэлийг хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэргэд Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх комисс 15, Мэргэжлийн болон техникийн боловсролын магадлан итгэмжлэлийн комисс 15, дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үндсэн 13 комисс, 30 дэд комисс, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үндсэн 1 комисс, 10 дэд комисс ажиллаж байна. Эдгээр комиссын гишүүдэд их дээд сургуулийн профессорууд, судлаачид, ажил олгогчид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын нийт 350 гаруй гишүүд шинжээчийн багийн дүгнэлтийг хэлэлцэн магадлан итгэмжлэлийн шийдвэрийг гаргаж байна.

БМИҮЗ нь байгууллагын магадлан итгэмжлэл, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл, мэргэжлийн боловсролын байгууллага хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Магадлан итгэмжлэлийн ач холбогдол

Сургууль, хөтөлбөр нь магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангаж буй эсэхэд өөрийн үнэлгээ хийснээр эрхэм зорилго, зорилтуудын хэрэгжилт, үйл ажиллагааныхаа чанар, үр дүнг үнэлэн дүгнэж, сайжруулах арга замаа тодорхойлно.

Мэргэшсэн шинжээчид болон магадлан итгэмжлэх комиссоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлснээр, сургууль хөтөлбөрөө улам бүр сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломж бий болно.

Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийг сонгон суралцсанаар

Чанартай боловсрол эзэмшинэ.

Төрөөс олгож буй тусламж, хөнгөлөлт, зээлд хамрагдана.

Гадаад улсад ахисан түвшинд болон ижил хөтөлбөрөөр шилжин суралцах боломжтой.

Төгсөгчийн боловсролын зэрэг, мэргэжлийг гадаад улсад хүлээн зөвшөөрнө.