National Information banner

featuredCards.card2.title

Дээд боловсролд хамаарах дэлхий эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц болон Үндэсний мэдээллийн Төв (Mon-Naric)-ийн үйл ажиллагаа

Дэлхийн конвенц гэж юу вэ?

Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц нь 2019 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар батлагдсан нь Нэгдсэн үндэсний байгууллагаас дээд боловсролын салбарыг хамарсан анхны дэлхийн хэмжээний гэрээ болсон. Конвенцод нэгдэх нь ЮНЕСКО-ийн гишүүн орнуудад нээлттэй. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон баталснаар Монгол улс конвенцод нэгдсэн 29 дэх улс болсон.

Уг конвенц нь нэгдэн орсон улс орнуудын их, дээд сургуулиудын боловсрол, сургалтын үр дүн, зэрэг, цолыг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөх, суралцагчдад бусад орны их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөр эрхлэх, зайн хэлбэрээр суралцах, эзэмшсэн мэргэшлээ хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгодог.

Конвенцын ач холбогдол

Конвенцод нэгдэн орох нь үндэсний чадамж, магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, оюутнууд, эрдэмтэд, ажилтнуудын шилжилт, хөдөлгөөнийг хөнгөвчилж, Монгол улсын дээд боловсрол эзэмшсэн оюутнуудыг гадаадад үргэлжлүүлэн сургах, дээд боловсрол эзэмшүүлэх чадварыг эзэмшүүлэхэд тус дөхөм болж, Монгол улс дээд боловсролоор дамжуулан улс орнууд, бүс нутгийн харилцааг бэхжүүлэх ЮНЕСКО-ийн хүчин чармайлтыг дэмжиж буйг нотлон харуулах ач холбогдолтой.

Үндэсний мэдээллийн Төв (Mon-Naric)-ийн үүрэг хариуцлага

Монголын Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх Үндэсний мэдээллийн төв (Mon-Naric) нь Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөлийн (БМИҮЗ)-ийн дор үйл ажиллагаагаа явуулдаг.

Mon-Naric нь дэлхийн хэмжээнд Монгол улсын дээд боловсролын талаар мэдээлэл өгч, боловсролын зэрэг, баримт бичгийг үнэлэх, баталгаажуулах, хүлээн зөвшөөрөх үүрэг гүйцэтгэнэ.

Үндэсний мэдээллийн Төв (Mon-Naric)-ийн үндсэн үүрэг

  1. Гадаадад суралцсан оюутан сурагчийн боловсролын зэрэг, баримт бичгийн баталгаатай байдлын лавлагааг олгоно.

    Mon-Naric нь гадаадын дээд боловсролын тогтолцоо, чанарын баталгаажуулалтын механизмын талаарх мэдээлэлд тулгуурлан цаашид үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй иргэд, ажил олгогчдод “боловсролын зэрэг, баримт бичгийг үнэлэх, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хамгийн бодитой, үнэн зөв үнэлгээ, баталгаажуулалтыг гадаад улсын эрх бүхий Үндэсний мэдээллийн төв, дээд боловсролын байгууллагатай холбоо тогтоож, баталгаажуулалтыг хийнэ.

  2. Монгол улсад олгосон боловсролын зэрэг, баримт бичгийн лавлагааг иргэд, аж ахуй нэгж, дэлхийн бусад үндэсний мэдээллийн төвүүдэд олгоно.

    Монгол эсвэл бусад орны дээд боловсролын байгууллагад суралцахаар элсэхийн тулд боловсролын зэрэг, ур чадвараа үнэлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд Монгол улсад эзэмшсэн боловсролын зэрэгтэй хүмүүс тухайн зэргийг хүлээн зөвшөөрөх эрх бүхий тухайн улсын Үндэсний мэдээллийн төвтэй холбоо барих, холбогдох хүсэлтээ Mon-Naric-т гаргана.

  3. Дотоодын боловсролын тогтолцоо, боловсролын зэрэг, дотоодын их дээд сургуулиудын чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлтэй холбоотой мэдээллийг бусад улсын үндэсний мэдээллийн төвүүдэд өгнө.

    Хилийн чанад дахь их, дээд сургуулиудын эрх зүйн байдлыг баталгаажуулах нөхцөл нь гол төлөв магадлан итгэмжлэл, тухайн улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага, хөтөлбөр эсэх талаар лавлагаа мэдээлэл байдаг. Албан ёсоор магадлан итгэмжлэгдээгүй, гэрчилгээжүүлээгүй байгууллагуудаас олгосон боловсрол зэрэг, хөтөлбөрийг хилийн чанад дахь дээд боловсролын байгууллага эсвэл байгууллагууд ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөггүй.

  4. Боловсролын зэрэг, баримт бичгийг хүлээн зөвшөөрөх чиглэлээр судалгааг хийнэ.

Боловсролын зэрэг, баримт бичгийг баталгаажуулах, бүртгэх үйлчилгээ (Гадаад , дотоод бүх хүсэлт)

Эзэмшсэн боловсролын зэрэг, баримт бичгийг баталгаажуулах, бүртгэх үйлчилгээнд өргөдөл гаргахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

Иргэний харьяаллыг баталгаажуулсан баримт бичиг, өргөдөл гаргагчийн үнэмлэх (паспорт);

Сургуулийн диплом/сертификат (эсвэл түүнтэй дүйцэхүйц) эх хувь,

Албан ёсны хуулбарын эх (дүнгийн хавсралт),

Дурдсан баримт бичгийн баталгаат орчуулга.

Үйлчилгээний хугацаа 4-6 долоо хоног байна.