
featuredCards.card3.title
XX зууны сүүл
Мэргэшил(qualification)-ийг суралцахуйн үр дүнгээр тодорхойлох санаа анх гарч, улс төрийн хүчтэй дэмжлэг авснаар Австрали, Англи, Шотланд, Шинэ Зеланд, Өмнөд Африк зэрэг улсуудад мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц (МҮШБ)-ийг бий болгох эхлэл тавигдсан.
Энэхүү санаачилга нь сүүлийн жилүүдэд дэлхийн ихэнх улс оронд түгэн дэлгэрч, мэргэшлийн шаталсан бүтэцтэй болох нь эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хүчин зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч, улам боловсронгуй болж сайжирсаар байна.
Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц (National Qualifications Framework) нь улс орны хэмжээнд боловсрол, сургалтын тогтолцооны мэргэшлийн төрөл, тэдгээрийн түвшин, стандартыг тодорхойлдог систем бөгөөд тодорхой түвшинд хуваагдсан, үндэсний хэмжээний магадлан итгэмжлэгдсэн мэргэшлүүдийг тодорхойлсон бүтэц юм
Мэргэшлийн шаталсан бүтцийн хүрээнд хоёр төрлийн загвар ажиглагдаж байна:
Хүн амын нийт бүлгийг хамарсан бүтэц (inclusive framework)
Зөвхөн тодорхой бүлэгт зориулсан бүтэц (exclusive framework)
Мэргэшил нь тухайн хүн тодорхой чиглэлд хүлээн зөвшөөрөгдсөн, чадамжтай гэдгээ нотлоход шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагын түшингээр тодорхойлогдоно. Мэргэшил тус бүрийн шаталсан бүтэц нь суралцахуйн үр дүнтэй холбоотой мэдлэг, чадварын хүрээ байх ба бүх түшигүүдэд ойлгомжтой байдлаар тодорхойлогдсон байна. Тухайн боловсролын системийн олгосон бүр мэргэшлийг хамаарахын тулд хэвтээ тэнхлэг, түшингээр нь шатлахын тулд босоо тэнхлэгтэй байна.
Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц (МҮШБ) нь (i)сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын хөтөлбөрийг төлөвлөх, сайжруулах; (ії)оюутан, төгсөгчдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих; (ії)суралцах хугацаа болон эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх зорилготой. МҮШБ нь үндэсний боловсрол, сургалтын тогтолцоог шинэчлэхэд чухал ач холбогдолтой, насан туршийн боловсрол, хил дамнасан мэргэшлийн харьцуулалтыг явуулахад чухал лавлах цэг юм. МҮШБ нь улс орны мэргэшлийг түвшингүүдэд хуваан ангилахад ашигладаг хэрэгсэл ба түвшин бүр нь тухайн түвшинд хүлээгдэж буй суралцахуйн үр дүнгээр тодорхойлогддог. Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бүх мэргэшлийг ачаалал, түвшин, чанар, суралцахуйн үр дүнг тодорхойлсон цогц бодлогын тогтолцоо.
“Эх сурвалж: UNESCO European Training Foundation CEDEFOP2003”
Олон улсын түвшинд МҮШБ-ийг тодорхойлохдоо ихэвчлэн Европын Холбооны (European Qualifications Framework) болон бусад бүс нутгийн түвшний системийг ашигладаг. Эдгээр нь мэргэшлийн түвшинг харьцуулж, шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилготой.
Дэлхий даяар хөдөлмөрийн зах зээл, боловсролын тогтолцоо шинэчлэгдэж, чанарын баталгаатай мэргэшлийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.
МҮШБ нь улс орон, бүс нутгуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийн хэмжээнд боловсролын ил тод байдлыг хангах, харьцуулалт хийх, суралцагч, төгсөгч, ажиллагчдын шилжин суралцах, дэвшин суралцах, ажиллах боломжийг дэмжих зорилготой дэлхий нийтэд ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрсөн бүтэц болж байна.
МҮШБ-ийг чанар хангасан, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, уялдаа бүхий сургалтын стандартыг гаргаж ирэх загвар гэж ойлгож болох ба түүнийг хэрхэн хангаснаас үл хамааран зөвхөн стандартыг хангасан хүмүүст мэргэшил олгодог чанарын баталгаажуулалтын тогтолцоо юм. МҮШБ нь үндэсний стандарт болон чанарын баталгаажилт гэсэн хоёр суурь тулгуур дээр бий болдог.
Мэргэшлийн үндэсний бүтэц боловсруулах, хэрэгжүүлэх, судлах ажлыг 160 гаруй улс идэвхтэй явуулж байна. Тухайн боловсролын системийн онцлогоос хамаарч улс орнуудын шатлалын тоо өөр өөр байна.
Монгол Улс
Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд мэдлэгт суурилсан эдийн засаг, өрсөлдөх чадвар бүхий нийгмийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх нь тэргүүлэх чиглэлд тооцогддог. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Мэргэшлийн Үндэсний Шаталсан Бүтэц (МҮШБ) хөдөлмөрийн зах зээл, боловсролын тогтолцооны уялдаа холбоог хангах хэрэгсэл болж байна.
Улмаар мэргэжлийн боловсрол, сургалтын түвшин, ур чадварыг шатлалтайгаар тодорхойлж, олон улсын стандартад нийцсэн, чанарын баталгаатай мэргэшлийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүсч байна. Монгол Улсын хувьд ч эдгээр шаардлагыг хангахын тулд МҮШБ-ийг хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал бөгөөд энэ нь эдийн засгийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна.
МҮШБ-ийн хүрээнд мэдлэг, ур чадвар, хандлага дээр тулгуурласан үнэлгээний тогтолцоог боловсруулж, хөдөлмөр эрхлэх чадамжтай иргэдийг бэлтгэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн зэрэг, үнэмлэх олгох үндэс суурийг тавьж байна.
Монгол Улсад МҮШБ-ийг хөгжүүлэх ажил 2011 оноос эхэлсэн бөгөөд энэ нь Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжсэн ““Мэргэжлийн боловсролын сургалтын төсөл”-өөс үүдэлтэй.
2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль болон 2023 оны Боловсролын ерөнхий хуульд МҮШБ-ийн тухай тусгаснаар эрх зүйн үндэс хангагдаж, бүтэц хэрэгжих боломж бүрдсэн.
МУ-ын Засгийн Газрын 2024 оны “Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц батлах тухай” 227 тоот тогтоолоор Монгол Улсын Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц 10 түвшинтэй, мэдлэг, ур чадвар, төлөвшил гэсэн тодорхойлогчтой байхаар баталсан.
МҮШБ нь боловсролын салбар, хөдөлмөрийн зах зээлийн хоорондын уялдаа холбоог сайжруулж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, чанартай ажиллах хүчнийг бэлтгэх тогтолцоог бүрдүүлнэ. Зөвхөн төгсөгчдийн ур чадварыг тогтоох төдийгүй, улс орны эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг харгалзан стратегийн шинэчлэл хийх, иргэдэд насан туршийн боловсролыг дэмжих замаар мэргэшсэн ажиллах хүчнийг бэлтгэх боломжийг олгоно.
МҮШБ нь мэргэшсэн ажиллах хүчнийг хөгжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх боломжийг нээх гол хөшүүрэг болох ба Монгол Улсын тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах чухал алхам болно.
МҮШБ-ийг хэрэгжүүлснээр иргэд болон ажиллах боловсон хүчин, боловсролын салбар, хөдөлмөрийн зах зээл дэх ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлж байна.
Боловсролын чанар: Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, магадлан итгэмжлэлд нэгдсэн стандарт мөрдөгдөж, чанар сайжирна
Шаталсан тогтолцоо: Иргэдийн боловсролын түвшинг шатлалтайгаар үнэлж, сургалт хооронд шилжих уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлт: Ур чадварт нийцсэн ажиллах хүчнийг хангаж, ажилгүйдлийн түвшинг бууруулахад хувь нэмэр оруулна
Ажил олгогчийн итгэл: Ажил олгогчид тухайн ажилтны мэргэшлийн түвшинг бодитоор ойлгож, зөв хүнээ сонгох боломжтой болно.
Зах зээлийн зохицуулалт: Ажиллах хүчний ур чадварын түвшинг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан зохицуулна.
Карьерийн өсөлт: Мэргэжлийн түвшинг шаталсан байдлаар ахиулах боломж бүрдэж, мэргэшлийн өсөлтөд дэмжлэг үзүүлнэ
Цалин хөлс: Ур чадвар, боловсролын түвшинд нийцсэн цалин хөлсний шударга систем бүрдэнэ
Олон улсын боломж: Иргэдийн мэргэшлийн түвшин олон улсын жишигт нийцсэн тул гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.